АЛТАНД СУУРИЛСАН ETF АРИЛЖААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын хөрөнгийн биржид анх удаа алтанд суурилсан ETF (биржээр арилжаалагддаг хамтын хөрөнгө оруулалтын сан) арилжаанд нэвтэрлээ.

Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох шинжилгээ хэсгээс уншаарай.

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!


Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.


ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

  • Энэ оны эхний дөрвөн сард үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 563.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 303.7 тэрбум төгрөгөөр буюу 2.2 дахин нэмэгдлээ.
  • Alibaba хиймэл оюуны хөрөнгө оруулалтаа эрчимжүүлсний нөлөөгөөр 2026 оны I улиралд 2021 оноос хойш анх удаа үйл ажиллагааны алдагдал хүлээлээ.
  • “Өмнөговь бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаанд нийт 206 захиалга бүртгэгдэж, 150 тэрбум төгрөгийн үнийн дүнтэйгээр захиалга бүрэн хангагдан амжилттай хаагдлаа.
  • 2026 оны эхний улиралд ажиллах хүчний оролцооны түвшин 60.4%-д хүрсэн ч өмнөх оны мөн үеэс буурч, хөдөлмөр эрхлэлтийн сулрал болон ажилгүйдлийн өсөлтийн дохио илэрч байна.
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК дээр алтад суурилсан ETF бүтээгдэхүүний арилжаа албан ёсоор эхэлснээр хөрөнгө оруулалтын шинэ боломж нээгдэж, дотоодын зах зээлийн бүтээгдэхүүний төрөлжилт өргөжлөө.
  • Энэ оны эхний дөрвөн сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 8.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.4%-иар өссөн боловч төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
  • Монголбанк ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлж, зээлийн хугацааг уртасгаснаар өрхийн эргэн төлөлтийн ачааллыг 40%-иар бууруулах боломжтой хэмээн тооцож байна.
  • Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний дөрвөн сард 21.8 их наяд төгрөгт хүрч, уул уурхай, олборлох салбарын өсөлтөөр өмнөх оны мөн үеэс 54.1%-иар нэмэгдлээ.
  • “Тавилга” ХК‑ийн хувьцаа эзэмшигч О.Батнаран компанийн нийт гаргасан энгийн хувьцааг нэг бүрийг нь 142,000 төгрөгөөр худалдан авах сайн дурын санал гаргалаа.

✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ 

🏆 Үнэт цаасны давуу тал: 


✅ Үнэт цаас гаргагч: Ти Эм Эл Пластик ХХК
✅ Тогтмол хүүтэй нээлттэй бонд (биржийн зах зээл)
✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж

✅ Хүүгийн орлогын татвар: 5%
✅ Транчийн нөхцөл (жилийн хүү):

 • 18 сар – 10.0%
✅ Sustainable Fitch ESG ratings: "Excellent"


👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.


📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ?

  • Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 50,666.69 нэгжид хүрч 0.35 хувийн уналттай хаагдлаа. 

  • Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 14,324 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,248.80 тэрбум төгрөг болжээ.

  • "Техник импорт" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 15.00 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Тээвэр дархан" ХК-ийн ханш -14.79 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо.

МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АЛТАНД СУУРИЛСАН ETF АРИЛЖААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын хөрөнгийн биржид анх удаа алтанд суурилсан ETF (биржээр арилжаалагддаг хамтын хөрөнгө оруулалтын сан) арилжаалагдаж эхэллээ. Энэхүү бүтээгдэхүүнийг “Гоулд траст” нэртэйгээр “Би Би Эс Эй ХОМК” ХХК үүсгэн байгуулж, МХБ дээр нээлттэй арилжаалж эхлүүлсэн нь зах зээлийн бүтээгдэхүүний төрөлжилтөд чухал алхам болов.

ETF нь хөрөнгө оруулагчдад биетээр алт худалдан авахгүйгээр, үнэт цаасны дансаараа дамжуулан алтны үнийн хөдөлгөөнд шууд оролцох боломжийг олгож байна. Мөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, гадаадын зах зээл дээрх алтанд суурилсан ETF‑үүдтэй уялдсан бүтэцтэй гэдгээрээ онцлог.

Энэхүү бүтээгдэхүүн нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах, инфляц болон ханшийн савлагаанаас хамгаалах шинэ хэрэгсэл болж байна.

 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 13.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ

2026 оны 4 дүгээр сарын байдлаар хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 13.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр буюу 9.9%‑иар өссөн байна.  

Зах зээлийн үнэлгээ өссөн нь бүртгэлтэй компаниудын үнэлгээ жилийн дүнгээр нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийн хэмжээ тэлж байгааг илтгэж байна. Харин сарын дүнгээрх бууралт нь хөрөнгө оруулагчдын ногдол ашиг хүртэлт, үнэлгээний дахин тохируулга болон зах зээлийн богино хугацааны хэлбэлзэлтэй холбоотой байж болох юм.

 

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ИДЭВХЖИЛ БУУРАХ ХАНДЛАГА ИЛЭРЧ БАЙНА

2026 оны I улирлын байдлаар ажиллах хүчний оролцооны түвшин 60.4% болж, өмнөх оны мөн үеэс 1.6 нэгж хувиар, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.0% болж 1.7 нэгж хувиар тус тус буурлаа. Нийт ажиллах хүч 1.42 сая хүн болж өмнөх оны мөн үеэс 37.7 мянгаар, ажиллагчдын тоо 1.34 сая хүн болж 39.2 мянгаар буурсан байна.

Үүний гол шалтгаан нь ажиллах хүчний оролцоо буурч, ажиллах хүчнээс гадуурх хүн ам нэмэгдсэнтэй холбоотой. Тухайлбал, ажиллах хүчнээс гадуурх хүн ам 932.1 мянга болж өмнөх оны мөн үеэс 38.4 мянгаар өссөн бол боломжит ажиллах хүч 43.4 мянга болж 46.6%‑иар нэмэгджээ. Мөн ажилгүй иргэдийн 43.8% нь “ажил хайгаад олдохгүй”, 12.0% нь улирлын шинжтэй ажлын байртай холбоотой шалтгаан дурдсан нь ажлын байрны хүртээмж, улирлын хэлбэлзэл болон ур чадварын нийцлийн асуудал хөдөлмөрийн зах зээлийн сааралтад нөлөөлж байгааг илтгэж байна.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍

  АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЛӨӨ

Өнгөрсөн долоо хоногт АНУ‑ын хөрөнгийн зах зээл бууралттай арилжаалагдлаа. Энэхүү уналтад инфляцын өсөлт, бондын өгөөжийн өсөлт, газрын тосны үнийн нэмэгдэл зэрэг хүчин зүйлс өндөр нөлөө үзүүллээ. 


Макро эдийн засгийн талаас инфляц дөрөвдүгээр сард сарын дүнгээр 0.6%, жилийн дүнгээр 3.8% болж нэмэгдсэн нь 2023 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн бөгөөд голлон эрчим хүчний үнийн өсөлт нөлөөлжээ. Үйлдвэрлэгчийн үнийн индекс мөн сарын дүнгээр 1.4%, жилийн дүнгээр 6.0% болж өссөн нь үнийн дарамт тогтвортой өндөр байгааг илтгэлээ. Үүний нөлөөгөөр 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.59% болж өссөн нь сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрэв.


Үүний зэрэгцээ жижиглэн худалдаа дөрөвдүгээр сард 0.5%-иар өссөн ч хөдөлмөрийн зах зээлд сулрал ажиглагдаж, ажилгүйдлийн тэтгэмжийн шинэ хүсэлт 211 мянга болж өссөн байна. Ийнхүү эдийн засгийн үзүүлэлтүүд холимог дохио өгч байгаа ч инфляцын дарамт нэмэгдсэн нь ХНС бодлогын хүүг урт хугацаанд өндөр түвшинд хадгалах хүлээлтийг нэмэгдүүллээ.

  ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

ГЕОПОЛИТИКИЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЛӨӨ

Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл буурч, STOXX Europe 600 индекс 0.85%-иар уналттай хаагдлаа. Ихэнх компаниудын ашиг орлого өсөлттэй байсан ч АНУ–Ираны яриа хэлэлцээ гацсан нь эрчим хүчний үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж, зах зээлд сөргөөр нөлөөллөө. 


Макро эдийн засгийн үзүүлэлтүүд холимог байж, Евро бүсийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл гуравдугаар сард 0.2%-иар өссөн нь хүлээлтээс доогуур гарлаа. Францын ажилгүйдлийн түвшин 8.1% болж 2021 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь хөдөлмөрийн зах зээлийн сулралыг илтгэв. Харин Германд хөрөнгө оруулагчдын итгэлийн үзүүлэлт сайжирсан ч -10.2 түвшинд хэвээр байгаа нь эдийн засгийн болгоомжлол үргэлжилж байгааг харууллаа.


Үүний зэрэгцээ Их Британид улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэж, жижиглэн худалдаа дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 3.0%-иар буурсан нь хэрэглээ сул байгааг илтгэлээ. Ийнхүү геополитик, инфляц болон макро эрсдэлүүд Европын зах зээлийн өсөлтийг хязгаарласан хэвээр байна.

  ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

ИЕНИЙ СУЛРАЛ, ЗГҮЦ-НИЙ ӨГӨӨЖИЙН ӨСӨЛТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХҮЧТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭВ

​Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээл холимог гүйцэтгэл үзүүлж, Nikkei 225 индекс 2.08%-иар буурсан бол TOPIX индекс 0.90%-иар өсөв. Сүүлийн үед хүчтэй өссөн технологи, хагас дамжуулагчийн хувьцаанууд өндөр хэлбэлзэлтэй байсан бол санхүү болон үнэ цэнд суурилсан салбарууд өсөлт үзүүллээ.


Иений ханш ам.долларын эсрэг JPY 158 орчимд сулран, валютын савлагаа өндөр хэвээр байна. Үүний зэрэгцээ 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 2.72% болж, 1997 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрсэн нь Японы Төв Банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хүлээлтийг нэмэгдүүлэв.


Макро үзүүлэлтүүдээр аж ахуйн нэгжүүдийн орцын үнийн индекс дөрөвдүгээр сард 4.9%-иар өссөн нь эрчим хүч, химийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой байлаа. Ийнхүү иений сулрал, инфляцын дарамт, бодлогын тодорхойгүй байдлын дунд Японы хөрөнгийн зах зээл тодорхойгүй төлөвтэй хэвээр байна.

  ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

МАКРО ҮЗҮҮЛЭЛТ ЭЕРЭГ Ч БОДЛОГЫН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ДАВАМГАЙЛЛАА

​Өнгөрсөн долоо хоногт Хятадын хөрөнгийн зах зээл эхэндээ өсөлттэй байсан ч долоо хоногийн сүүлээр буурч, CSI 300 индекс 0.25%-иар, Shanghai Composite индекс 1.07%-иар буурлаа. Эхний өсөлт нь АНУ–Хятадын уулзалт болон эерэг макро өгөгдлүүдтэй холбоотой байсан ч бодлогын томоохон шинэчлэл гараагүй нь зах зээлийн хүлээлтийг сулрууллаа.


Дөрөвдүгээр сард үйлчилгээний салбарын PMI 52.6, нийлмэл индекс 53.1 болж өссөн нь дотоод эрэлт харьцангуй тогтвортой байгааг харуулсан юм. Үүний зэрэгцээ үйлдвэрлэгчийн үнийн индекс 2.8%-иар, хэрэглээний инфляц 1.2%-иар өссөн нь үнийн дарамт сэргэж буйг илтгэж байна.


Мөн гадаад худалдааны үзүүлэлтүүд эерэг гарч, экспорт 14.1%-иар, импорт 25.3%-иар өссөн нь дотоод болон гадаад эрэлт сайжирсныг харууллаа. Гэвч бодлогын тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэлийн улмаас хөрөнгө оруулагчдын болгоомжлол хэвээр байж, зах зээлийн өсөлт хязгаарлагдлаа.

МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.05.18 - 05.22

🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

Алтанд суурилсан ETF: Хөрөнгө оруулагчдын багц төрөлжүүлэх шинэ боломж

  Монголын хөрөнгийн зах зээлд алтанд суурилсан ETF арилжаалагдаж эхэлсэн нь дотоодын хөрөнгө оруулагчдад алтны үнийн хөдөлгөөнд биржээр дамжин оролцох шинэ боломжийг нээж байна. Өмнө нь алтанд хөрөнгө оруулахад биетээр алт худалдан авах, хадгалах, даатгах, борлуулах зэрэг нэмэлт зардал, үйл ажиллагааны хүндрэлтэй байсан бол ETF хэлбэр нь үнэт цаасны дансаар дамжуулан илүү хялбар, ил тод, хөрвөх чадвартай байдлаар алтны үнийн хэлбэлзлээс ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын багцад хувьцаа, бонд, хадгаламжаас гадна түүхий эдэд суурилсан шинэ төрлийн хөрөнгө нэмэгдэх нөхцөл болж байна.

   Зах зээлийн өнөөгийн үзүүлэлтүүдийг харвал ийм төрлийн бүтээгдэхүүн өсөх орон зай өндөр байна. 2026 оны эхний 4 сард үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 563.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн бол үүний 65.5% буюу 369.2 тэрбум төгрөг нь анхдагч зах зээлийн арилжаа байжээ. Харин хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх нийт гүйлгээний ердөө 0.2%‑ийг эзэлж байгаа нь ETF болон сангийн бүтээгдэхүүний өсөх боломж өндөр байгааг харуулж байна. Гэхдээ алтны үнэ олон улсын зах зээл дээр ам.долларын ханш, бодлогын хүү, геополитикийн эрсдэл зэрэг хүчин зүйлээс хамааран хэлбэлздэг тул алтны ETF‑ийг богино хугацааны өндөр өгөөж хүлээхээс илүүтэйгээр багц төрөлжүүлэх, эрсдэл бууруулах, урт хугацаанд үнэ цэнэ хадгалах хэрэгсэл гэж үзэх нь зүйтэй.

🧑‍🏫 ТАНЫ МЭДЛЭГТ |  ETF хэрхэн ажилладаг вэ?


















ETF‑ийн үнэ хоёр үндсэн хүчин зүйлээр тогтдог. Нэгдүгээрт, тухайн ETF‑ийн эзэмшиж буй суурь хөрөнгийн цэвэр үнэлгээ /NAV/ буюу активын бодит үнэ цэнэ үнэ тогтоход нөлөөлнө. Жишээлбэл, алтны ETF‑ийн хувьд алтны олон улсын ханш өсвөл ETF‑ийн үнэ өсөх, буурвал дагаж буурах хандлагатай. Хоёрдугаарт, ETF нь бирж дээр арилжаалагддаг тул тухайн өдрийн эрэлт, нийлүүлэлт үнэ дээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, худалдан авах захиалга ихэсвэл үнэ өсөх, худалдах захиалга давамгайлбал үнэ буурах боломжтой. Иймээс ETF худалдан авахдаа зөвхөн суурь хөрөнгийн ханшийг бус, мөн тухайн ETF‑ийн шимтгэл, хөрвөх чадвар, арилжааны зөрүү /spread/, сангийн бүтэц зэргийг хамтад нь харгалзан үзэх нь зүйтэй.

Logo

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.